ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА: Сав газрын захиргаа нь тухайн сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага юм.
ТУУЛ ГОЛ: Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн нурууны салбар уулс, Бага Хэнтий уулын араас эх авсан Нэргүй, өврөөс нь эх авсан Номин голын бэлчир буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Х.Ө 48030’58.9”, З.У 108014’08.3” цэгээс “ТУУЛ” нэрийг авч урссаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг /Х.Ө 48056’55.1”, З.У 104047’53.2”/-т Орхон голд цутгадаг.
Туул голын нийт урт 882.8 км бөгөөд нийт уртын 119.8 км нь Улаанбаатар хотоос дээш /Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт/, Улаанбаатар хотын дундуур 114.8 орчим км, 648.2 км нь хотоос доош урсдаг. Голын өргөн дунджаар 35 - 75 м, гүн 0.8 - 3.5 м байдаг.
Байгалийн бүс, бүслүүрийн хувьд эхэн хэсэгтээ уулын тайгын бүс, ойт хээрийн бүсийг дамнан, Улаанбаатар хотоос доош хээрийн бүсээр урсдаг. Туул голын цутгал голуудын дийлэнх нь Хан Хэнтийн нурууны салбар уулсаас эх авч урсдаг ба Туул голын сав газарт нийтдээ 360 орчим гол горхи тоологддог. Эдгээр гол горхиноос том жижиг 50 гол, 33 горхи Туул голд шууд цутгадаг.
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗАР: 5 аймгийн 37 сумын 98 баг, Улаанбаатар хотын 7 дүүргийн 144 хорооны нутаг дэвсгэрийг хамран, нийтдээ 49’774.3 км2 талбайг эзэлдэг. Сав газарт Нийслэл, Төв аймгийн Зуунмод хот болон Архангай аймгийн 1, Булган аймгийн 5, Өвөрхангай аймгийн 1, Сэлэнгэ аймгийн 1, Төв аймгийн 11, нийт 18 сумын төв ордог.
Туул голын сав газарт нийтдээ тусгай хамгаалалттай газар 5,847.75 км2 талбайг хамарч байгаа ба энэ нь Туул голын сав газрын 11.7%-ийг нь эзэлж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн талбай

|
№ |
Нэр |
Тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал |
Сав газарт эзлэх талбай, км2 |
|
1 |
Богдхан уул |
Дархан цаазат газар
|
421.92 |
|
2 |
Хан Хэнтий |
986.68 |
|
|
3 |
Хөгнө Тарна |
Байгалийн цогцолборт газар
|
841.43 |
|
4 |
Молцог элс |
4.88 |
|
|
5 |
Хустайн нуруу |
484.01 |
|
|
6 |
Горхи-Тэрэлж |
2,901.01 |
|
|
7 |
Орхоны хөндий |
16.57 |
|
|
8 |
Батхаан уул |
Байгалийн нөөц газар
|
191.05 |
|
9 |
Чингэлтэй хайрхан уул 2 |
0.20 |
Туул голын сав газар Монгол улсын нийгэм эзийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол: Тус сав газар нь хэдийгээр Монгол орны нутаг дэвсгэрийн дөнгөж 3.2%-ийг эзэлдэг боловч нийт хүн амын 50 шахам хувь нь амьдардаг, ДНБ-ний 70 шахам хувийг үйлдвэрлэж байгаа улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой бүс нутаг юм.

| Талбайн хэмжээ | Хүн, ам | Малын тоо толгой |
| Туул голын сав газар: 49.8 мян.км2 | Монгол улс: 3.4 сая | Монгол улс: 64’681.8 мян.толгой |
| Улаанбаатар хот: 3.1 мян.км2 | Туул голын СГ: 1.5 сая | Туул голын СГ: 4’165.2 мян.толгой |