






Газрын доорх усны мониторингийн тогтолцоог сайжруулах зорилгоор Монголын Мянганы Сорилтын Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд "Эрдэнэ дриллинг" ХХК нь Туул голын дагуух мониторингийн цооногуудад орчин үеийн багаж, тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.
Төслийн хүрээнд суурилуулж буй тоног төхөөрөмжүүд нь Нидерланд Улсын “Eijkelkamp” компанид үйлдвэрлэгдсэн бөгөөд газрын доорх усны түвшин, усны чанар, температур болон бусад гидрогеологийн үзүүлэлтүүдийг нарийвчлалтайгаар тасралтгүй хэмжих, мэдээллийг бодит хугацаанд дамжуулах дэвшилтэт технологийн шийдэлтэй юм.
Газрын доорх усны мониторингийн цооног нь газрын доорх усны түвшин, даралт, чанар, урсацын өөрчлөлтийг урт хугацаанд тогтмол ажиглах, хэмжилт хийх зориулалттай тусгай цооног юм. Эдгээр нь ус ашиглах зориулалттай биш бөгөөд усны нөөцийн төлөв байдалд хяналт-шинжилгээ хийх үндсэн зориулалттайгаараа онцлогтой.
Энэхүү ажлын үр дүнд:
• Усны нөөцийн өөрчлөлтийг бодит хугацаанд хянах
• Ус ашиглалтын нөлөөллийг үнэлэх
• Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах бодлого төлөвлөлтийг сайжруулах
• Улаанбаатар хотын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах зэрэг Туул голын сав газрын усны нөөцийн төлөв байдалд тогтмол хяналт тавих, усны чанарын өөрчлөлтийг эрт илрүүлэх, цаашдын судалгаа шинжилгээ болон усны нөөцийн тогтвортой менежментийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.
Мөн тус компанийн инженер, техникийн багууд мониторингийн цооног бүр дээр тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллах зарчим, ашиглалт болон өгөгдөл боловсруулах системийн талаар мэргэжлийн танилцуулга хийж, суурилуулалт, туршилт тохируулгын ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.