
ТЭЗҮ-ийн хүрээнд инженер-геологийн болон топографийн судалгаа, цооногийн бичиглэл, лабораторийн шинжилгээ зэрэг суурь ажлууд хийгдээд байгаа бөгөөд төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын гүйцэтгэгч байгууллагатай шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж, судалгааны хамрах хүрээг өргөжүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн талууд холбогдох санамж бичиг байгуулах чиглэлд ажиллаж байна.
Улаанбаатар хот өнөөдөр усны хэрэгцээгээ голчлон газрын доорх нөөцөөс хангаж байгаа ч хүн амын төвлөрөл нэмэгдэж, шинэ суурьшлын бүсүүд тэлэхийн хэрээр усны хэрэглээ өссөөр байна. Үүнтэй холбоотойгоор газрын доорх усны нөөц цаашид хүрэлцэхгүй болох эрсдэл үүсэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Нөгөө талд, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хур тунадасны хэлбэлзэл нэмэгдэж, үерийн эрсдэл тохиох давтамж өсөх хандлагатай байна. Ийм нөхцөлд усны нөөцийг хуримтлуулах, урсацыг зохицуулах дэд бүтэц зайлшгүй шаардлагатай болоод байна.
Туул усан цогцолбор нь гадаргын усыг хуримтлуулах шинэ эх үүсвэр бий болгох бөгөөд урьдчилсан судалгаагаар 5,569 га талбайд ус хуримтлуулж, 50-100 сая шоо метр ус нөөцлөх хүчин чадалтай байх юм. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх инженерийн шийдэл нь нийслэлийн өсөн нэмэгдэх усны хэрэгцээг урт хугацаанд хангах боломжтой.
Төсөл хэрэгжсэнээр ус багатай улиралд нийслэлийн дэд төвүүдийг гадаргын усаар хангах, мөн Туул голын урсацыг тохируулж үерийн эрсдэлийг бууруулах боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд Туул голын дээд хэсэгт (далайн түвшнээс дээш 1352 м өндөрт) боомт байгуулж, уг боомтын доод хэсэгт ус цэвэршүүлэх үйлдвэр болон бага оврын усан цахилгаан станц барих, мөн цэвэршүүлсэн усыг Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн системтэй холбох шугам хоолойг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн бөгөөд сонгосон байршил нь хотод ойр тул ус дамжуулах сүлжээний уртыг багасгаж, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах эдийн засгийн ач холбогдолтой гэж үзсэн.
Дашрамд дурдахад, “Туул усан цогцолбор” төсөл нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан бөгөөд нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах стратегийн чухал дэд бүтцийн нэгээр нэрлэгдэж байна.